ЗАЙНЫ СУРГАЛТЫН ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд Монгол Улсын Боловсролын их сургуулийг түшиглэн Зайны сургалтын төвийг  байгуулахаар болсон бөгөөд уг төвийн нээлт 2018 оны 01 дүгээр сарын 25-нд боллоо.

Дээд боловсролын багшийн, тэр дотроо багш бэлтгэдэг их, дээд сургуулийн багш, ажилтны хөгжлийг дэмжих, зайны сургалтын тогтолцоо бий болгох  ажлын хүрээнд Зайны сургалтын таван төвийг МУБИС, Ховд Их Сургууль, Дорнод их сургууль, МУИС-ийн Завхан сургууль, Архангай аймаг дахь МУБИС-ийн салбар сургууль дээр байгуулсан байна.

Дээрхи төвүүдтэй хамтран ажиллах, үндэсний түвшний үйл ажиллагаа зохион байгуулалт, арга зүйгээр хангах чиг үүргийг Монгол Улсын Боловсролын их сургуулийн Мэдээллийн технологи, зайн сургалтын алба хариуцан ажиллах юм.

Монгол Улсын Боловсролын их сургуулийг түшиглэж буй энэхүү Зайны сургалтын төв нь их, дээд сургуулийн багш, ажилтан, оюутанд зориулсан зайны болон танхимын сургалт зохион байгуулж хэрэгжүүлэхээс гадна зайны сургалт болон үнэлгээний чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, мультимедиа студийн тусламжтайгаар зайны сургалтын хичээл, лекцийн бичлэг, багш, оюутны үйл ажиллагаа, туршлагыг сурталчилах ажлыг гүйцэтгэх, багш нарын боловсруулсан сургалтын ном, хэрэглэгдэхүүнийг дижитал хэлбэрт оруулах, онлайн шалгалт зохион байгуулах ажлыг бие даан болон хамтран зохион байгуулна.

Дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд АХБ-аас 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, 4 аймгийн их, дээд сургуулиудтай холбогдох видео хурлын танхим, тестийн программаар хангагдсан 120 компьютер бүхий үнэлгээний төв, зайны сургалтын видео хичээл бэлтгэх орчин бүрдүүлсэн мультимедиа студи болон  сургалтын цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх лабораторийг нийлүүлэн үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Төвийн нээлтэд УИХ, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа мэндчилгээ дэвшүүлэв. Түүнчлэн нээлтийн үйл ажиллагаанд “Тогтвортой хөгжил-дээд боловсрол” үндэсний чуулганы зочид, төлөөлөгчид оролцож, видео хурлын танхимд түшиглэн 4 аймагтай холбогдон зохион байгуулж буй “Онлайн курс төлөвлөлт” сургалтын үйл ажиллагаатай танилцлаа.